ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ1

Компанийн хэлбэр болон хувь нийлүүлсэн хөрөнгө:

Нягтлан бодох бүртгэлд өмчийг дараах үндсэн 2 хэсгээс бүрдэл болгон бүртгэж тайлагнадаг байна. Үүнд:

1. Оруулсан капитал /хувьцаа эзэмшигчид болон эздийн хуримтлалын цэвэр оролцоо/

2. Олсон капитал / хуримтлалын үр дүн буюу хуримтлалын ашиг/

Өмч гэдэг нь тодорхой хөрөнгө бус нийт хөрөнгийн тодорхой хэсгийг нэхэмжлэх эрх юм. Харин хувь нийлүүлэгч буюу эзэмшигчийн хөрөнгийг ерөнхийд нь тухайн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагчийн урт хугацаагаар оруулсан капитал гэж тодорхойлж болох юм.

Өмчийн өөрчлөлт:

Бизнес аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор өмчийн дүн өөрчлөгддөг бөгөөд бүртгэлийн үндсэн элемент болох хөрөнгө болон өр төлбөрт нөлөөлөх нөлөөллөөр нь ангилж үздэг.

А. Хөрөнгө болон өр төлбөрт нөлөөлөх өмчийн өөрчлөлт:

1. Цэвэр ашиг

a. Орлого, зардал

b. Олз, гарз

2. Байгууллага ба эздийн хоорондох шилжүүлэлт

a. Эздийн хөрөнгө оруулалт

b. Эздэд хуваарилсан

3. Өрийг өмчид хөрвүүлэх

Б. Хөрөнгө ба өр төлбөрт нөлөөлөхгүй өмчийн өөрчлөлт:

1. Хувьцааны жижигрүүлэлт ба хувьцаагаар ногдол ашиг олголт

2. Давуу эрхтэй хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх

Энд хавьцааг хөрвүүлэх, дахин капиталжуулах буюу дахин зохион байгуулалт хийх замаар өмчид өөрчлөлт оруулдаг байна.

Аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын хэлбэр ба өмч:

Аж ахуйн нэгж байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгө буюу эздийн эзэмшлийн хөрөнгө нь тухайн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын бүтцээс хамаарч харилцан ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл: оруулсан капиталийн бүтэц нь тухайн компанийг зохион байгуулж буй хэлбэрээс нь хамаарч өөр өөр байдаг байна.

Тухайлбал:

Зохион байгуулалтын хэлбэр

Хувьцаат компани /ХК/

Хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/

Нөхөрлөл

Эзэмшлийн өмчийн ерөнхий бүтэц

-хувьцаан капитал:

- Энгийн хувьцаа

- Давуу эрхтэй хувьцаа

- Нэмж төлөгдсөн капитал

-хуримтлагдсан ашиг

-бусад хэсэг

-хувь нийлүүлсэн хөрөнгө

-хуримтдагдсан ашиг

-бусад хэсэг

-эзний оруулсан капиал

Компани нь өмчлөлийн шинж чанараасаа хамаарч, дараах байдлаар ангилагддаг.

Үүнд:

1. Төрийн эзэмшилт компани буюу төрийн өмчит компани

2. Хувийн эзэмшилт компани

· Хувьцаагүй компани - ашгийн бус олон нийт боловсролын байгууллага болох сүм хийд, буяны байгууллага, сургууль колллеж гэх мэт байгууллагууд

· Хувьцаат компани - ашгийн төлөө ажилладаг, хувьцаа гаргадаг аж ахуйн нэгж

Хувьцаат компани нь дараах үндсэн хэлбэртэй байна. Үүнд:

  1. Хаалттай компани - хувьцааг цөөн эзэмшдэг бөгөөд олон нийт худалдан авах боломжгүй.
  2. Нээлттэй компани - хувьцааг өргөнөөр эзэмшдэг ба олон нийт худалдан авах боломжтой.
    1. Биржид бүртгэлтэй - зохион байгуулалттайгаар хөрөнгийн биржээр хувьцаагаа арилждаг
    2. Биржид бүртгэлгүй - үнэт цаасны дилер худалдан авч, түүгээр дамжуулан хувьцаагаа арилждаг

Хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө:

Бид хувь нийлүүлсэн хөрөнгийн бүртгэлд хувьцаат компаний хувь нийлүүлсэн бүртгэлийн талаар дэлгэрэнгүй авч үзнэ.

Хувьцаат компаний хувь нийлүүлсэн хөрөнгө нь гол төлөв хувьцаат капитал болон хуримтлагдсан ашгаас бүрддэг.

Хувьцаат капитал гэдэг нь товчоор хэлбэл хувьцаа эзэмшигчдийн компанид хийсэн хөрөнгө оруулалтыг харуулдаг бөгөөд компанийн гаргасан хувьцаатай холбоотой бүх мэдээллийг харуулж өгдөг.

Хувьцаа гэдэг нь хөрөнгө оруулсныг баталсан гэрчилгээ юм.

Хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн ашгаас хүртэх, санал өгөх, нэмж гаргасан ижил төрлийн хувьцаанаас олж авах давуу эрх зэргийг эдэлдэг.

Хувьцаат капиталийн бүрэлдэхүүнд нэмж төлөгдсөн капиталыг зайлшгүй авч үзнэ.

Нэмж төлөгдсөн капитал нь тухайн капиталын нэрлэсэн үнэ ба зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн дүн. Өөрөөр хэлбэл: өмчийн хувьцаа гаргаснаар ихэвчлэн үүсдэг. Гэхдээ нэмж төлөгдсөн капиталд дараах ажил гүйлгээнүүдээр гарах дүнгүүд нөлөөлж байдаг. Үүнд:

o Гаргасан хувьцааны хөнгөлөлт, урамшуулал

o Халаасны хувьцааны өртөг болон нэрлэсэн үнийн зөрүү

o Дахин зохион байгуулалтаарх өөрчлөлт

o Татан буулгалтын ногдол ашиг зарлалт

o Хөрвөгч бонд буюу давуу эрхтэй хувьцааг хөрвүүлэх гэх мэт.

Хуримтлал ашиг гэдэг нь бизнесийн үйл ажилгааны явцад олсон ашиг.

Өмчийн бусад хэсэг:

Өмчийн дээрх үндсэн хэсгээс гадна бусад хэсгийг авч үздэг.

Тухайлбал:

- хандивласан капитал

- дахин үнэлсэн болон хэрэгжээгүй үнэлгээний капитал

- эргэлтийн бус хөрөнгийн өмчийн үнэт цаасны хэрэгжээгүй цэвэр гарз

- гадаад валют хөрвүүлэлттэй холбогдох өмчийн тустай бүрэлдэхүүн хэсэгт хуримтлах хөрвүүлэлтийн тохируулга

- тэтгэврийн төлөвлөгөөний бүртгэл дэхь өмчлөх үйлчилгээний хэрэгжээгүй өртгөөс давсан нэмэгдэл өртөг гэх мэт.

1.2 Хувьцаа болон түүний бүртгэл

Хувьцааны төрөл:

Хувьцааг энгийн болон давуу эрхтэй, нэрлэсэн ба тогтоосон үнэтэй гэж тус тус агилдагаас гадна хувьцаа гаргалтын бүртгэлтэй холбоотойгоор дараах дансдуудыг хэрэглэдэг. Үүнд:

  • Зөвшөөрөгдсөн хувьцаа - компанийн захирлуудын зөвлөлөөс тогтоосон гаргаж болох хувьцааны хамгийн их хэмжээ. Ихэнх тохиолдолд зөвшөөрөгдсөн хувьцаа нь тухайн компанид шаардлагатай санхүүжилтын хэмжээнээс илүү байдаг байна.
  • Гаргасан хувьцаа - хувьцаа эзэмшигчдэд худалдсан хувьцаа бөгөөд энэ хувьцааны хэмжээгээр компанийн эзэмшил тодорхойлогдоно. Тухайлбал: 100000ш хувьцаа зөвшөөрөгдсөнөөс 80000ш зарагдсан гэвэл туханй компанийн эзэмшил /100%/ 80000ш хувьцаанд ногдоно гэсэн үг.
  • Гаргаагүй хувьцаа - зөвшөөрөгдсөн хувьцаа хэвлэгдсэн үед энэ хувьцаанд бүртгэгддэг.
  • Эргэлтэнд байгаа хувьцаа- хувьцаа эзэмшигчдийн гар дээр байгаа хувьцаа.
  • Захиалгат хувьцаа- өөрийн компанийн ажилчдийнхаа эзлэх хувийн жинг нийт хувьцаа эзэмшигчдийн дунд өсгөх зорилгоор захиалгаар худалдах хувьцаа.
  • Халаасны хувьцаа- эргэлтэнд байгаа хувьцаанаасаа буцааж худалдан авсан хувьцаа.

Энгийн хувьцаа - санал өгөх, ногдол ашиг хүртэх /ашигтай ажилласан үед/, бүх өр төлбөрийг барагдуулсны дараа үлдэх хөрөнгөөс давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дараа нэхэмжлэх эрхтэй гаргасан хувьцаа. Өөрөөр хэлбэл: энгийн хувьцаа эзэмшигчдийн авах ногдол ашиг нь тухайн компани ашигтай эсвэл алдагдалтай ажиллахаас шууд хамаардаг.

Энгийн хувьцааг нэрлэсэн болон нэрлэсэн үнэгүйгээр гаргадаг.

Давуу эрхтэй хувьцаа - саналын эрхгүй, тогтмол хэмжээний ногдол ашиг хүртддэг, бүх өр төлбөрөө барагдуулсны дараа энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж нэхэмжлэх эрхтэй гаргасан хувьцаа. Өөрөөр хэлбэл: тухайн компани ашигтай алдагдалтай ажилласан эсэхээс хамааралгүй тогтмол ногдол ашгийг давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид хүртэж байдаг.

Давуу эрхтэй хувьцааны дээрх ерөнхий ойлголтуудаас гадна дараах шинж чанаруудыг хамгийн нийтлэг байдлаар авч үздэг. Үүнд:

  • Хуримтлалтай болон хуримтлалгүй - өмнөх жилүүдийн ногдол ашгийг төлөөгүй бол хуримтлалттай давуу эрхтэй хувьцаа тодорхойлогддог бөгөөд тухайн жилд өмнөх хуримтлалыг энгийн хувьцаа эзэмшигчдээс өмнө хүртдэг.
  • Оролцоот болон оролцоогүй - энэ нь давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь тогтоосон түвшнээс давсан аливаа ашгийг энгийн хувьцаа эзэмшигчидтэй хамтран авдаг.
  • Хөрвөх - энэ нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн сонголтоор хувьцаагаа энгийн хувьцаанд хөрвүүлдэг. Энэ төрлийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгийг түрүүлж авахаас гадна хөрвүүлэлт хийгдсэнээр ашгаас ямар нэг хязгаарлалтгүйгээр хүртэх эрхтэй байдаг.
  • Дуудах - тухайн компани өөрийн сонголтоор тодорхой хугацаанд урамшуулалт үнээр эргэлтэнд байгаа давуу эрхтэй хувьцааг дуудан эргэлтээс гаргадаг. Давуу эрхтэй хувьцааг эргэлтээс гаргах зорилгоор дуудсан тохиолдолд ногдол ашгийн өрийг барагдуулсан байна.

Хувьцаа гаргалтын бүртгэл:

Зөвшөөрөгдсөн хувьцаа - зохих дүрмийн дагуу гаргахаар зөвшөөрсөн хувьцааны хэмжээгээр хэвлэх, зөвшөөрөл авах, захиалгатай холбогдон гарсан бүх зардлыг холбогдох дансны кредитээс энэ дансанд хуримтлуулан бүргэдэг.

Дансны бичилт нь:

Дт Зөвшөөрөгдсөн хувьцаа . . . . . . . . . . . .ххх

Кт Өглөг /мөнгөн хөрөнгө, материал, олгохоор тооцсон

цалингийн өглөг гэх мэт/ . . .. . . . . . . .ххх

Гаргаагүй хувьцаа зөвшөөрөл авсан бүх хувьцаа хэвлэгдэн бэлэн болсоны дараагаар нийлбэр зардлын дүнгээр:

Дт Гаргаагүй хувьцаа . . . . . . . . . . . . .ххх

Кт Зөвшөөрөгдсөн хувьцаа. . . . . . . .ххх

Тайлант хугацааны эцэст гаргаагүй хувьцаа данс үлдэгдэлтэй байж болдог бөгөөд балансад эргэлтийн бус хөрөнгийн бусад хэсэгт тусгана.

Гаргасан хувьцаа нийтэд худалдсан хувьцаанд ногдох зардлын дүнгээр:

Дт Гаргасан хувьцаа. . . . . . . . . . . . . . .ххх

Кт Гаргаагүй хувьцаа . . . . . . . . . . . ххх

Хувьцаа гаргалтын зардал энэ төрлийн зардалд өмгөөлөгчийн төлбөр; мэргэшсэн нягтлан бодогчийн төлбөр; хэвлэх, тээвэрлэх, бүртгэх, баталгаажуулах зардал; даатгалын төлбөр; хувьцаа гаргалтын сурталчилгааны зардал гэх мэт зардлуудыг оруулж болно.

Хувьцаа гаргалтын зардлыг:

· нэмж төлөгдсөн капитал дансны дебет талд хасалт хийн бичих

· зохион байгуулалтын зардал буюу биет бус хөрөнгийн хэлбэрээр бүртгэж, хасагдуулах /40 жил/

гэж бүртгэлд тусгана.

Хувьцааг худалдах нь эзэмшигчдийн өмчийг буюу хувьцаат капиталыг нэмэгдүүлдэг.

Хувьцаат капиталыг нэмэгдүүлэх ажил гүйлгээ буюу хувьцааг худалдах хэлбэрүүд:

· Мөнгөн хөрөнгөөр худалдах

· Мөнгөн бус хөрөнгөөр арилжах

· Захиалгаар борлуулах

Хувьцааг арилжих үеийн бүртгэл:

Мөнгөн хөрөнгөөр худалдах:

Хувьцааг арилжих үед нэрлэсэн үнээр болон нэрлэсэн үнэгүйгээр арилжих гэсэн ойлголтыг авч үзнэ.

Хувьцааг бүртгэхдээ төрөл тус бүрээр нь ангилан нэрлэсэн үнээр нь бүртгэлд тусгах ба нэрлэсэн үнэ болон худалдсан үнэ буюу зах зээлийн үнийн зөрүүг нэрлэсэн үнээс илүү төлсөн капитал дансанд бүртгэнэ.

Нэрлэсэн үнэтэй хувьцаа

Хувьцааны нэрлэсэн үнэ ихэнх тохиолдолд бага хэмжээгээр тогтоогддог байна. Энэ нь зах зээлийн үнэ нь нэрлэсэн үнээс доогуур болж, болзошгүй өр төлбөр үүсэхээс зайлсхийнэ гэж үздэг.

Нэрлэсэн үнэтэй хувьцааны үед хувьцааны хөнгөлөлт буюу нэрлэсэн үнээс нь багаар хувьцааг гаргах тохиолдол байдаг. Энэ байдлаас болзошгүй өр төлбөр үүсэх магадлалтай юм.

Жишээ:

А компани 100¥-ийн нэрлэсэн үнэтэй 5000ш энгийн хувьцаа, 90¥-ийн нэрлэсэн үнэтэй 1000ш давуу эрхтэй буюу шагналт хувьцааг 3000ш энгийн хувьцааг 110¥-өөр, 800ш давуу эрхтэй хувьцааг 95¥-өөр тус тус худалдсан.

· Энгийн хувьцааны бүртгэл

Дт мөнгөн хөрөнгө /3000ш*110¥/. . . . . . . . . 330000¥

Кт энгийн хувьцаа /3000ш*100¥/ . . . . . . . . . . . . . . 300000¥

Кт энгийн хувьцааны нэрлэсэн үнээс

нэмж төлөгдсөн капитал /(110¥-100¥)*3000/ . . . 30000¥

· Давуу эрхтэй хувьцааны бүртгэл

Дт мөнгөн хөрөнгө /800ш*95¥/. . . . . . . . . 76000¥

Кт энгийн хувьцаа /800ш*90¥/ . . . . . . . . . . . . . . 72000¥

Кт давуу эрхтэй хувьцааны нэрлэсэн үнээс

нэмж төлөгдсөн капитал /(95¥-90¥)*800/ . . . 4000¥

Нэрлэсэн үнэгүй хувьцаа

Болзошгүй өр төлбөрөөс зайлсхийх зэрэг зорилгоор нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргадаг.

Хувьцааг мөнгөн хөрөнгөөс бусад хөрөнгийн зориулалтаар гаргасан бол нэрлэсэн үнэгүй байдал нь ихээхэн давуу талтай байдаг байна.

Нэрлэсэн үнэгүй хувьцааг нэрлэсэн үнэтэй хувьцааны адилаар тухайн зах зээлийн үнээр борлуулдаг. Нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах үед хувьцааны хөнгөлөлт үүсэхгүй.

Нэрлэсэн үнэгүй хувьцааг нэмж төлөгдсөн капитал болон хувьцааны хөнгөлөлтийн данс ашиглахгүйгээр гаргалтын үнээр нь бүртгэлд тусгана. /гэхдээ нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргахыг тэр бүр зөвшөөрдөггүй бөгөөд хязгаарлалт тавьдаг байна/

Жишээ:

“А компани 1000ш энгийн хувьцаа 120¥-өөр борлогдсон гэж үзье.

Дансны бичилт:

Дт Мөнгөн хөрөнгө /1000ш*120¥/ . . . . . . . .120000¥

Кт Энгийн хувьцаа-нэрлэсэн үнэгүй . . . . . . . .120000¥

Зарим тохиолдолд нэрлэсэн үнэгүй хувьцааг хамгийн бага тогтоосон үнэ бүхий нэрлэсэн үнэгүй хувьцааг гаргадаг бөгөөд шинээр байгуулагдаж байгаа компани нэмж төлөгдөх капиталтайгаар үйл ажиллагаа эхэлдэг. Энэ тохиолдолд тогтоосон үнээс нэмж төлөгдсөн капитал данс хэрэглэгддэг.

Хувьцааг бөөн дүнгээр худалдах:

Компаниуд ихэвчлэн хувьцааг ангилал тус бүрээр нь борлуулдаг учир тус бүртийнх нь орлого мэдэгдэж байдаг. Гэтэл зарим тохиолдолд бөөн дүнгээр буюу нэг төлбөрөөр хэд хэдэн төрлийн хувьцаа арилжих тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд орлогийн хэрхэн хувиарлах тухай асуудал гарч ирдэг байна.

НББ-д хувиарлалтын 2 үндсэн аргыг хэрэглэдэг.

· Шууд хамаарлын арга

· Өсөн нэмэгдүүлэх арга

Шууд хамаарлын арга:

Энэ аргыг ангилал бүрийн хувьд холбогдох үнэ цэнийг тодорхойлох зах зээлийн үнэ буюу бусад суурь мэдэгдэж байгаа тохиолдолд хэрэглэдэг бөгөөд нийт дүнд тус бүрийн эзлэх хувийн жинд үндэслэн шууд хамааралтайгаар бөөн дүнг үнэт цаасны ангилал бүрд хуваарилах замаар бүртгэдэг.

Жишээ:

100¥-ийн нэрлэсэн үнэтэй, 110¥-ийн зах зээлийн үнэтэй 50ш энгийн хувьцаа, 90¥-ийн нэрлэсэн үнэтэй, 95¥-ийн зах зээлийн үнэтэй 30ш давуу эрхтэй хувьцааг 10000¥-ийн бөөн дүнгээр худалдсан гэж үзвэл дараах байдлаар хуваарилна.

Хувьцаа

Зах зээлийн үнэ /ЗЗҮ/

Зах зээлийн үнэд эзлэх хувийн жин /%/

Хувирлалт

Энгийн

5500¥

65.87

10000*65.87%=6587¥

Давуу эрхтэй

2850¥

34.13

3413¥

Нийт дүн

8350¥

100

10000¥

Өсөх нэмэгдэх арга:

Энэ аргыг зах зээлийн үнэ нь тодорхой бус нөхцөлд мэдэгдэж байгаа хувьцааны үнийг суурь болгон бусад руу нь шилжүүлэх замаар хуваарилдаг арга юм.

Дээрх жишээг энгийн хувьцааны зах зээлийн үнэ нь тодорхойгүй байсан гэж үзье

Д/Д

Үзүүлэлтүүд

Хувиарлалт

1.

Нийт дүн /бөөн дүн/

10000¥

2.

Давуу эрхтэй хувьцаа /30ш*95¥/

3325¥

3.

Энгийн хувьцаа /1-2/

6675¥

Аль алиных нь үнэ нь тодорхойгүй тохиолдолд үнэ тохиолдлын шинжтэй байдаг. Хэрэв нэг буюу хэд хэдэн ангилалын үнэт цаасны зах зээлийн үнийг ойрын ирээдүйд тодорхойлох боломжтой бол тэр үед нь тохируулга хийх зорилгоор тохиолдлын суурийг ашиглаж болно.

Мөнгөн бус хөрөнгөөр арилжих:

Зарим тохиолдолд компаниуд мөнгөн хөрөнгөнөөс бусад хөрөнгийг олж бэлтгэх зорилгоор хувьцаа гаргадаг. Энэ тохиолдолд хувьцаа болон хөрөнгийг зах зээлийн үнээр нь бүртгэнэ.

1. Хөрөнгө болон хувьцааны үнэ тодорхой бол:

a. Хөрөнгийн зах зээлийн үнэ, хувьцааны зах зээлийн үнээс бага үед /жишээ нь: 50¥-ийн нэрлэсэн үнэтэй 1500ш энгийн хувьцааг тоног төхөөрөмж бэлтгэхэд зориулан гаргасан бөгөөд тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 100000¥, энгийн хувьцааны зах зээлийн үнэ /80¥*1500ш/ 120000¥ гэж үзье;/

Дансны бичилт нь:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100000¥

Дт тоног төхөөрөмж бэлтгэсний гарз /120000¥-10000¥/. . . 20000¥

Кт энгийн хувьцаа /50¥*1500ш/ . . . . . . . . . . . . . . . . . . . . .75000¥

Кт энгийн хувьцааны НТК /(80¥-50¥)*1500ш/. . . . . . . . . 45000¥

b. Хөрөнгийн зах зээлийн үнэ, хувьцааны зах зээлийн үнээс илүү үед /жишээ нь: дээрх жишээг тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150000¥ гэж үзье; /

Дансны бичилт нь:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . . . . . . .150000¥

Кт тоног төхөөрөмж бэлтгэсний олз. . . . . . . . . 30000¥

Кт энгийн хувьцаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. 75000¥

Кт энгийн хувьцааны НТК . . . . . . . . . . . . . . . . 45000¥

2. Хөрөнгийн болон энгийн хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй бол:

a. Хөрөнгийн зах зээлийн үнэ тодорхойгүй үед /жишээ нь: өмнөх жишээг тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ тодорхойгүй бөгөөд энгийн хувьцааны нэрлэсэн болон зах зээлийн үнийг хэвээр гэж үзье; /

Дансны бичилт-1:

Дт тоног төхөөрөмж /энгийн хувьцааны зах зээлийн үнээр/ . . . 120000¥

Кт энгийн хувьцаа /50¥*1500ш/ . . . . . . . . . . . . . . . . . . . .. 75000¥

Кт энгийн хувьцааны НТК /(80¥-50¥)*1500/. . . . . . . . . . . 45000¥

b. Хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй үед /жишээ нь: өмнөх жишээг ашиглан, хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй, тоног төхөөрөмжийнх 160000¥ байсан гэж үзье; /

Дансны бичилт-2:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . 160000¥

Кт энгийн хувьцаа /50¥*1500ш/ . . . . . . . . . . . . .. 75000¥

Кт энгийн хувьцааны НТК . . . . . . . . . . . . . . . .. 85000¥

c. Хөрөнгийн болон хувьцааны зах зээлийн үнэ 2-уулаа тодорхойгүй үед /жишээ нь: өмнөх жэшээг мөн ашиглая. Тоног төхөөрөмжийн үнийг хөрөнгийн үнэлгээний алба 110000¥-өөр үнэлснийг тус компани зөвшөөрсөн гэвэл/

Дансны бичилт-3:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . .110000¥

Кт энгийн хувьцаа. . . . . . . . . . . . . . . . . . .100000¥

Кт нэрлэсэн хувьцааны НТК . . . . . . . . . 10000¥

Захиалгат хувьцааны бүртгэл:

Компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн дунд өөрийн ажиллагсадынхаа эзэмшлийг өсгөх зорилгоор захиалгат хувьцааг гаргадаг гэж үзсэн билээ. Захиалгаар хувьцааг худалдах үед уг хувьцааны үнийг хэсэгчлэн төлөх бөгөөд нийт дүн орж ирэхээс өмнө эзэмшил нь тухайн ажилтанд хүрээгүй байдаг. Өөрөөр хэлбэл: хувьцааны үнэ бүрэн орж ирсэний дараа хувьцаа нь эзэмшигчдийн гар дээр очдог.

Тухайлбал:

  • Төлбөр нь хэсэгчлэн хийгддэг
  • Уг захиалгатай холбоотой төлбөр бүрэн хүлээж аваагүй үед хувьцааг гаргадаггүй

гэсэн онцлогтой.

Компани болон ажиллагсад хоорондоо гэрээ хийдэг бөгөөд гэрээнд төлбөрийг хэрхэн барагдуулахаа тодорхойлдог байна. Харин үнийг зарим тохиолдолд опционы төлөвлөгөөний дагуу тогтоодог. Энэ тохиолдолд ажиллагсад өөрийн компанийн хувьцааг опционы хатуу үнээр худалдан аваад харин хувьцааны зах зээлийн үнэ өсөнгүүт худалдан ашиг олох боломжтой. /Опционы төлөвлөгөө гэдэг нь ямар нэг бараа үйлчилгээ болон хувьцааг ирээдүйд тодорхой нэг хатуу тогтоосон үнээр худалдан авах эрх юм. /

Захиалгат авлагын төлбөрийг хүлээж авмагц хувьцааг гаргах үүргийг компани хариуцна.

Захиалгат хувьцааг бүртгэлд тусгахад дараах дансадыг ашиглана. Үүнд:

- Захиалгат авлага

- Захиалгат энгийн хувьцаа эсвэл давуу эрхтэй хувьцаа

Захиалгат хувьцааг авахаар захиалсан үед захиалгат хувьцаадансны кредит болон захиалгат авлагадансны дебетэд; захиалгат хувьцааны үнэ бүрэн төлөгдсөн үед захиалгат хувьцаадансыг хорогдуулж, энгийн хувьцаабуюу давуу эрхтэй хувьцаадансыг тус тус нээнэ.

Жишээ:

“А” компани 50¥-ийн нэрлэсэн үнэтэй 1000ш энгийн хувьцаа гаргасан ба 200ш хувьцааг ажиллагсадаа нэгжийг нь 65¥-өөр худалдан авах эрх олгосон бөгөөд төлбөрийг эхний удаад 30%-ийг үлдсэнийг 3 сарын дараа барагдуулахаар гэрээнд тусгасан гэж үзье;

· Захиалгат хувьцааг захиалсан өдөр:

Дт захиалгат авлага /200ш*65¥/ . . . . . . . . . . . . . . . . . .13000¥

Кт захиалгат энгийн хувьцаа /200ш*50¥/. . . . . . . . . . . . . .. .10000¥

Кт энгийн хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлсөн капитал....3000¥

· Захиалгат хувьцааны эхний төлбөр орж ирсэн үед:

Дт мөнгөн хөрөнгө /(200ш*65)*30%/. . . . . . . 3900¥

Кт захиалгат авлага. . . . . . . . . . . . . . . . . . .. .3900¥

· 3 сарын дараа төлбөр хийгдсэн үед:

o Дт мөнгөн хөрөнгө /70%/. . . . . . . . . . .9100¥

Кт захиалгат авлага. . . . . . . . . . . . . . . . . 9100¥

o Дт захиалгат энгийн хувьцаа /100%/. . . 13000¥

Кт энгийн хувьцаа . . . . . . . . . . . . . . . . . . .13000¥

Захиалгат авлага - ыг балансанд 2 янзаар тусгаж болно. Үүнд:

  1. Эргэлтийн хөрөнгийн авлага хэсэгт тусгах /ихэнх тохиолдолд захилгат авлага нэг жилийн дотор төлөгдөх хэлбэрээр хийгддэг/
  2. Эзэмшигчийн өмчийн хэсэгт эзэмшигчийн өмчөөс хасаж харуулах /сөрөг тохируулах данс хэлбэрээр/

Халаасны хувьцааны бүртгэл:

Зарим тохиолдолд компаниуд өөрийн эргэлтэнд байгаа хувьцаанаасаа худалдан авдаг бөгөөд үүнийг халаасны хувьцаа гэж нэрлэдэг.

Хувьцааг гол төлөв дараах шаардлагуудын улмаас буцаан худалдан авдаг. Үүнд:

· Гаргасан хувьцааны тоог цөөрүүлж, нэгж хувьцаанд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх

· Хувьцааныхаа эрэлтийг нэмэгдүүлэх

· Тусгай шагнал, нөхөн төлбөрийн оронд өгөхөөр болсон

· Хувьцаа эзэмшигчдийн тоог цөөрүүлэх /энэ тэр бүр байдаггүй бөгөөд энэ тохиолдолд хяналт өндөрсдөг/

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь хувьцааныхаа үнийг унагахгүй байлгахад оршдог.

Халаасны хувьцаа нь дараах эрхийн хязгаарлалттай байна. Үүнд:

· Давуу эрхтэй хувьцааны давуу эрх

· Мөнгөн ногдол ашиг хүртэх эрх

· Хөрөнгө хуваалцах эрх

· Саналын эрх

тус тус хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл: халаасны хувьцаа нь хөрөнгө биш юм.

Халаасны хувьцааг бүртгэлд тусгах хэд хэдэн аргууд байж болохыг үгүйсгэдэггүй байна. Эдгээрээс түгээмэл хэрэглэгддэг арга нь дараах аргууд байдаг бөгөөд дэлгэрүүлэн авч үзье. Тухайлбал:

· өртгийн арга

· нэрлэсэн үнийн арга

Халаасны хувьцааг өртгийн аргаар бүртгэх:

Халаасны хувьцааг өртгийн аргаар бүртгэх үед ажил гүйлгээг хоёр хэсэгт бүлэглэж үздэг бөгөөд ихэвчлэн мөнгөн хөрөнгөөр хийдэг.

  • Худалдан авалт - нийт капиталыг бууруулах ажил гүйлгээ
  • Дахин гаргалт - нийт капиталын өмнөх дүнг буцаан сэргээх ажил гүйлгээ

Худалдан авалт болон дахин гаргалтын хооронд компани халаасны хувьцааг тодорхой бус байдлаар эзэмшдэг.

Энэ аргын үед худалдан авсан хувьцааны өртгийн дүнгээр халаасны хувьцаа дансыг дебетлэж, дахин гаргах үед уг өртгөөр кредитлэх замаар бүртгэдэг. Хэрэв халаасны хувьцааг худалдан авалтын өртгөөс нь илүү үнээр дахин гагасан бол зөрүүг халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капиталдансанд кредитлэннэ. Харин эсрэгээр буюу өртгөөс нь бага үнээр дахин гаргасан бол дүнг тухайн ангилалын халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капиталыг бууруулан бичдэг бөгөөд энэхүү нэмж төлөгдсөн капиталын үлдэгдэл зөрүүгээс бага бол хуримтлагдсан ашгийн бууралтаар илэрхийлж болно.

Халаасны хувьцааны худалдан авалт болон дахин гаргалтын бүртгэл бараа материалын бүртгэлийн зарчмаар явагддаг. Өөрөөр хэлбэл: хэрэв хэд хэдэн хувьцааг өөр өөр үнээр худалдан авсан бол дахин худалдахдаа бараа материалын зарцуулалтын арга/ЭАЭЗ, ДӨА, САЭЗ, ТТА/-аас хэрэглэж болдог байна. Ихэнх тохиолдолд эдгээр аргуудаас тусгай тэмдэглэгээний аргыг /ТТА/ хэрэглэдэг.

Жишээ нь:

“А” компани 50¥-ийн нэрлэсэн үнэтэй 15000ш хувьцааг 60¥-өөр гаргасан байснаас 500 ширхэгийг нь 55¥-өөр буцаан худалдан авсан гэж үзье

Дансны бичилт: /халаасны хувьцааны худалдан авалтыг/

Дт халаасны хувьцаа /500ш*55¥/. . . . . . . . . .27500¥

Кт мөнгөн хөрөнгө . . . . . . . . . . . . . . . . . . . . .27500¥

Ингэж халаасны хувьцааны худалдан авалт болон дахин гаргалтын бүртгэлийн бичилтэд тухайн хувьцааны анх гаргасан өртөг /нэрлэсэн үнэ/ нөлөөлдөггүй байна. /50¥/

Дансны бичилт: /дахин гаргалт/

  1. Дахин гаргалтын үнэ, худалдан авсан үнэ тэнцүү үед /өмнөх жишээгээр 60¥-өөр 100ш халаасны хувьцааг дахин гаргасан гэе/

Дт мөнгөн хөрөнгө /100ш*60¥/ . . . . . . . . 6000¥

Кт халаасны хувьцаа . . . . . . . . . . . . . . . .. 6000¥

  1. Дахин гаргатын үнэ, худалдан авсан үнээс их үед /өмнөх жишээгээр 70¥-өөр 100ш хувьцаа гаргасан гэвэл /

Дт мөнгөн хөрөнгө /100ш*70¥/. . . . . . . . . . . . . . . . . . . . 7000¥

Кт халаасны хувьцаа /100ш*60¥/ . . . . . . . . . . . . . . . . . . 6000¥

Кт халаасны хувьцаанаас илүү төлсөн капитал . . . . . . . .1000¥

  1. Дахин гаргалтын үнэ, худалдан авсан үнээс бага үед /өмнөх жишээгээр 100 ширхэгийг 55¥-өөр дахин гаргасан гэе/

Дт мөнгөн хөрөнгө /100ш*55¥/. . . . . . . . . . . . . . . . .5500¥

Дт тухайн хувьцааны нэмж төлөгдсөн капитал. . . . . 500¥

Кт халаасны хувьцаа /100ш*60¥/. . . . . . . . . . . . . . . . . 6000¥

Халаасны хувьцааг нэрлэсэн үнийн аргаар бүртгэх:

Халаасны хувьцааг нэрлэсэн үнээр буюу тогтоосон үнээр тухайн хувьцааг эргэлтээс гаргах гэсэн үг юм.

Энэ аргаар халаасны хувьцааг бүртгэхдээ гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдан авбал нэрлэсэн үнээр халаасны хувьцаа дансыг дебетлэж, хувьцааны нэрлэсэн үнэ ба анх гаргасан үнийн зөрүүг нэрлэсэн үнээс илүү төлсөн капитал дансыг дебетлэх замаар бүртгэдэг бөгөөд мөн халаасны хувьцааг худалдаж авсан үнэ нь тухайн хувьцааг анх гаргасан үнээс илүү байвал зөрүүг хуримтлагдсан ашигдансанд, харин бага байвал Халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капитал дансыг кредитлэн тус тус бүртгэдэг байна.

Жишээ нь:

“Б” компани 30¥-ийн нэрлэсэн үнэтэй 2000ш энгийн хувьцааг 35¥-өөр гаргаснаасаа 800ш хувьцааг нэгжийг нь а)40¥-өөр, б) 32¥-өөр буцаан худалдан авсан гэж үзэн хувьцаа гаргалтаас эхлэн дахин гаргах бүртгэлийн бичилтийг хийе.

1. Хувьцааг эхлэн гаргасан үед:

Дт мөнгөн хөрөнгө /2000ш*35¥/. . . . . . . . . . .70000¥

Кт энгийн хувьцаа /2000ш*30¥/. . . . . . . . . . .60000¥

Кт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн

капитал /(35¥-30¥)*2000ш/ . . . . . . . . . . . .10000¥

2. Халаасны хувьцааг худалдан авах үед:

    1. Халаасны хувьцааг худалдан авах үнэ нь анх гаргасан үнээс их бол /40¥>30¥/

Дт халаасны хувьцаа /800ш*30¥/. . . . . . . . . . . . 24000¥

Дт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн

капитал /(35¥-30¥)*800ш/ . . . . . . . . . . . . . . . . 4000¥

Дт хуримтлагдсан ашиг /(40¥-35¥)*800ш/ . . . . . . 4000¥

Кт мөнгөн хөрөнгө /800ш*40¥/ . . . . . . . . . . . . . 32000¥

    1. Халаасны хувьцааг худалдан авах үнэ нь анх гаргасан үнээс их үед /32¥<35¥/

Дт халаасны хувьцаа /800ш*30¥/. . . . . . . . . . . . 24000¥

Дт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн

капитал /(35¥-30¥)*800ш/ . . . . . . . . . . . . . . . . 4000¥

Кт мөнгөн хөрөнгө /800ш*32¥/ . . . . . . . . . . . . . 25600¥

Кт халаасны хувьцааны илүү төлсөн

капитал /(35¥-32¥)*800ш/ . . . . . . . .. . . . . . . . . 2400¥

3. Хувьцааг буцаан гаргах үед:

а. Халаасны хувьцааг буцаан авсан үнэ, хувьцааг гаргасан үнээс бага үед /өмнөх жишээний өгөгдлийг ашиглан, 200 ширхэг халаасны хувьцааг а) 45¥-өөр, б) 38¥-өөр тус тус дахин гаргасан гэж үзье/

Дт мөнгөн хөрөнгө /45¥*200ш/ . . . . . . . . .. . . . 9000¥

Кт халаасны хувьцаа /30¥*200ш/ . . . . . . . . . . .6000¥

Кт халаасны хувьцааны нэмж төлөгдсөн

капитал /(45¥-30¥)*200ш/ . . . . . . . . . . . . . . .3000¥

б. Халаасны хувьцааг буцаан авсан үнэ, гаргасан үнээс их үед /38¥/

Дт мөнгөн хөрөнгө /38¥*200ш/ . . . . . . . . .. . . . 7600¥

Кт халаасны хувьцаа /30¥*200ш/ . . . . . . . . . . .6000¥

Кт халаасны хувьцааны нэмж төлөгдсөн

капитал /(38¥-30¥)*200ш/ . . . . . . . . . . . . . . .1600¥

Халаасны хувьцааг эргэлтээс гаргах:

Зарим тохиолдолд компаниуд халаасны хувьцаагаа эргэлтээс гаргадаг. Энэ үеийн бүртгэл нь өртгийн болон нэрлэсэн үнийн аргын алийг нь хэрэглэж байгаагаас шалтгаалж бүртгэдэг байна.

Тухайлбал: /өмнөх жишээг ашиглан халаасны /800 ширхэгээс 200 ширхэгийг нь дахин гаргасан, үлдсэн хэсгээс 50 ширхэгийг а) 40¥-өөр, б) 25¥-өөр тус тус худалдан авсан байсан гэж үзье/

А. 40¥-өөр худалдан авсан байсан гэвэл:

Өртгийн арга:

Дт энгийн хувьцаа /50ш*30¥/ . . . . . .. . . . . . . 1500¥

Дт энгийн хувьцааны нэрлэснээс илүү төлсөн

капитал /(35¥-30¥)*50ш/ . . . . . . . . . . . . . . .250¥

Дт хуримтлагдсан ашиг /(40¥-35¥)*50ш/ . . . . .250¥

Кт халаасны хувьцаа /40¥*50ш/. . . . .. . .. . . .2000¥

Нэрлэсэн үнийн арга:

Дт энгийн хувьцаа/30¥*50ш/ . . . . . . . . . . 1500¥

Кт халаасны хувьцаа . . . . . . . . . . . . . . . .. . . 1500¥

Б. 25¥-өөр худалдан авсан байсан гэвэл:

Өртгийн арга:

Дт энгийн хувьцаа /50ш*30¥/ . . . . . .. . . . . . . 1500¥

Дт энгийн хувьцааны нэрлэснээс илүү төлсөн

капитал /(35¥-30¥)*50ш/ . . . . . . . . . . . . . . .250¥

Кт хувьцааг эргэлтээс гаргахад илүү төлсөн

капитал /(35¥-28¥)*50ш/ . . . . . . . . . . . . . .350¥

Кт халаасны хувьцаа /28¥*50ш/. . . . .. . .. . . .1400¥

Нэрлэсэн үнийн арга:

Дт энгийн хувьцаа/30¥*50ш/ . . . . . . . . . . 1500¥

Кт халаасны хувьцаа . . . . . . . . . . . . . . . .. . . 1500¥

Халаасны хувьцааг балансанд тусгах:

Бүртгэсэн аргаас нь хамаарсан халаасны хувьцааг балансанд 2 аргаар тусгадаг. Үүнд:

· Хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн нийт дүнг багасгах /эзэмшигчийн өмчийн дүнгийн доод талд/

· Нийт гаргасан энгийн хувьцааны дүнг багасгах /энгийн хувьцааны дүнгийн доод талд/

Өртгийн аргыг хэрэлэж байгаа тохиолдолд халаасны хувьцааг балансанд тусгахдаа хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг багасгах сөрөг дансаар харуулна. Харин нэрлэсэн үнийн аргаар халаасны үнийг бүртгэсэн бол гаргасан хувьцааны дүнг хорогдуулах сөрөг дансаар харуулна.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

баярлалаа их хэрэгтэй зүйл байна

usuhuu (зочин)

thanks very much

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)